13 дугаар зүйл. Улс төрийн намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Улс төрийн намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгах

13.1.Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн өргөдөл, хавсаргасан баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.

13.2.Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичигт дараах зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уг зөрчлийг арилгаж, нэмэлт мэдээллийг ирүүлэх тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

13.2.1.энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу;

13.2.2.намын дүрэм энэ хуулийн 15.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй;

13.2.3.намын гишүүдийн тоо энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй, бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн;

13.2.4.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбаа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

13.3.Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгахдаа энэ хуулийн 12.3-т болон хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.

13.4.Намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг, холбогдох мэдээллийг Улсын дээд шүүх эрхлэн хариуцна.

13.5.Улсын дээд шүүх намын нэр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт, энэ хуулийн 6.8-д заасан нэрийн санг ашиглана.

13.6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.5-д заасан нэрийн санг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

13.7.Нам хуулийн этгээд болохын хувьд оршин байгаа газрын албан ёсны хаяг, хөрөнгө, түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.