14 дугаар зүйл. Улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах
14.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн тухайн намыг намын бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын гурван өдрийн дотор өргөдөл гаргагчид бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
14.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.
14.3.Намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхийн Тамгын газар гэрчилгээ, тамга тэмдгийн хяналтын дугаар олгоно. Улсын дээд шүүхийн Тамгын газар тухайн намын зорилго, үнэт зүйл, үзэл баримтлалын товч, гүйцэтгэх төв байгууллага, албан тушаалтны мэдээлэл, намын оршин байгаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийн талаарх мэдээлэл багтаасан танилцуулгыг нийтэд ил тод байршуулна.
14.4.Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр намын бүртгэлд бүртгэхээс татгалзана:
14.4.1.намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
14.4.2.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан үндэслэл байгаа бол;
14.4.3.гишүүдийн тоо энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй, бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн;
14.4.4.энэ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчин нэр хэрэглэсэн.
14.5.Улсын дээд шүүх тухайн намыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг энэ хуулийн 14.1-д заасан хугацаанд гаргах бөгөөд уг шийдвэрт татгалзсан үндэслэлээ тодорхой заана. Энэ шийдвэрийг зохих этгээдэд албан ёсоор мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
14.6.Улсын дээд шүүх энэ хуулийн 14.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө өргөдөл гаргагч, сонгуулийн төв байгууллага, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулан авч болно.
14.7.Энэ хуулийн 12.2, 12.3, 12.4, 13.7, 15.3, 21.1, 21.4-т заасан болон бусад мэдээлэл, баримт бичиг, түүнд оруулсан өөрчлөлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, сонгуулийн төв байгууллагын дарга хамтран батална.
14.8.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
14.9.Улсын дээд шүүх энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гаргасан тохиолдолд уг зөрчлийг арилгасан этгээд энэ хуульд заасны дагуу намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн дахин гаргах эрхтэй.
14.10.Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ.
14.11.Улсын дээд шүүх намыг бүртгэхтэй холбоотой журмыг сонгуулийн төв байгууллага, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална.
УЛС ТӨРИЙН НАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ