19 дугаар зүйл. Улс төрийн намын бусад байгууллага
19.1.Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
19.2.Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй.
19.3.Энэ хуульд заасан намын бүтэц, зохион байгуулалтаас гадна нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдалд нийцэж байгаа эсэхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг нам дүрмээрээ зохицуулж болно.
19.4.Нам Монгол Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавих шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ.
19.5.Монгол Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ.
19.6.Энэ хуулийн 19.4, 19.5-д заасан журмыг намын төлөөллийн төв байгууллага батална.