21 дугаар зүйл. Улс төрийн намыг идэвхгүйд тооцох
21.1.Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана:
21.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
21.1.2.энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
21.1.3.намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй.
21.2.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүнийг аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
21.3.Энэ хуулийн 21.1.1-д заасан зөрчил гаргасан намын эрх бүхий байгууллага сонгуульд оролцох шийдвэр гаргаж, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн, эсхүл энэ хуулийн 21.1.2, 21.1.3-т заасан зөрчлөө арилгасан талаар холбогдох нотлох баримтыг сонгуулийн төв байгууллагад албан ёсоор хүргүүлнэ.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан нотлох баримтыг сонгуулийн төв байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх бөгөөд Улсын дээд шүүх хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
21.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг идэвхтэй, эсхүл идэвхгүйд тооцох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргахгүй.
21.6.Энэ зүйлд заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.