33 дугаар зүйл. Хандив

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Хандив

33.1.Хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.

33.2.Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр намын дансанд хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг нэг харилцах дансанд байршуулна.

33.3.Дараах зүйл нь үнэ төлбөргүйгээр, эсхүл зах зээлийн дундаж ханшаас доогуур үнээр хийгдэж байгаа тохиолдолд мөнгөн бус хандивт хамаарна:

33.3.1.хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус баялгийг ашиглуулах, эзэмшүүлэх;

33.3.2.үйлчилгээ үзүүлэх;

33.3.3.төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх;

33.3.4.арга хэмжээний зардлыг төлөх;

33.3.5.ивээн тэтгэх.

33.4.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр авах тохиолдолд түүнийг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгана.

33.5.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдээс нэг жилийн хугацаанд нэг намд өгөх хандив энэ хуулийн 33.6, 33.7-д заасан хэмжээнээс илүүгүй байна. Намд өгсөн хандивын хэмжээг уг нам, түүний салбар болон бүтцийн нэгжид өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно.

33.6.Нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

33.7.Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

33.8.Хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, хуулийн этгээдийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцно.

33.9.Хандивлагч намын салбар болон бүтцийн нэгжид нэр зааж өгсөн хандивыг тухайн зориулалтын дагуу захиран зарцуулна.

33.10.Намын харьяа байгууллага нь энэ хуулийн 34.6-д хориглосон этгээдээс хандив авахыг хориглоно.

33.11.Нэг хуулийн этгээд, эсхүл иргэнээс намд болон тухайн намын харьяа байгууллагад өгөх нийт хандив энэ хуулийн 33.6, 33.7-д зааснаас илүүгүй байна.

33.12.Намын харьяа байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагын дагуу гаргаж тухайн намд болон сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.