34 дугаар зүйл. Хандивтай холбогдуулан хүлээх үүрэг, хориглох зүйл
34.1.Нам дараах хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийг цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заана:
34.1.1.нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, эсхүл түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн;
34.1.2.нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, эсхүл түүнээс дээш төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн бус хандив.
34.2.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа нийтэлж, ил тод, нээлттэй байлгана. Иргэн, хуулийн этгээд энэ хуульд тусгасан хандивын дээд хэмжээнд багтаан нэгээс дээш удаа хандив өгсөн бол хандивын дүнг өмнөх хандивын дүн, хүлээн авсан он, сар, өдрийн хамт мэдээлнэ.
34.3.Нам энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг нээлттэй өгөгдлийн санд улирал тутамд байршуулаагүй, эсхүл сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол сонгуулийн төв байгууллага тухайн намд энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг дараагийн жилд олгохгүй.
34.4.Нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс бага хандивыг намын санхүүгийн тайланд тусгана.
34.5.Нам хандивтай холбогдуулан дараах үүрэг хүлээнэ:
34.5.1.хандивлагч хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлох;
34.5.2.хандивлагчийн нэр, хаягийн талаар бүртгэл хөтлөх;
34.5.3.энэ хуулийн 34.6-д заасан хориглосон этгээдээс хандив хүлээн авснаа мэдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хандивлагч болон сонгуулийн төв байгууллагад энэ тухай мэдэгдэж, хандивыг сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх;
34.5.4.хандив болон хандивлагчийн мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж, сонгуулийн төв байгууллагад мэдэгдэх, сонгуулийн төв байгууллагын шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;
34.5.5.мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах;
34.5.6.энэ хуульд заасан бусад.
34.6.Нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:
34.6.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
34.6.2.гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж;
34.6.3.төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
34.6.4.үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо;
34.6.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, тэдгээрийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга;
34.6.6.18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
34.6.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
34.6.8.тодорхой нэр, хаяггүй этгээд, эсхүл нэр нь тодорхойгүй гуравдагч этгээдийн хандивыг дамжуулж байгаа этгээд;
34.6.9.өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгч байгаа этгээд;
34.6.10.бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгч байгаа иргэн, хуулийн этгээд;
34.6.11.дампуурсан хуулийн этгээд;
34.6.12.уул уурхай, ашигт малтмалын олборлолт, боловсруулах салбарын хуулийн этгээд; Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
34.6.13.хуулиар хориглосон бусад этгээд. /Энэ заалтын дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
34.7.Иргэдийн улс төрийн боловсрол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэмжих, эсхүл тухайн намыг ардчилсан зарчмын дагуу бэхжүүлэх зорилгоор хамтарч ажиллах хүрээнд олон улсын байгууллага болон гадаад улсын байгууллагатай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 34.6.2-т хамаарахгүй.
34.8.Хандивлагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгөхийг хориглоно.
34.9.Намд хандив өгснийхөө төлөө хандивлагч нь өөртөө болон бусдад аливаа давуу байдал олгохыг болон намын дотоод асуудлыг ардчилсан бус зарчмаар шийдвэрлэхийг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно.
34.10.Хандивлагч намд хандив өгөхдөө бусад этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглахыг хориглоно.
34.11.Иргэн, хуулийн этгээд нь бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгөхийг хориглоно.
34.12.Хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана.
34.13.Намын санхүүгийн тайланд аудит хийхээр гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд хандивын талаарх баримт, мэдээллийг хандивлагчаас гаргуулан авна.