36 дугаар зүйл. Улс төрийн намын санхүүгийн тайлан
36.1.Намын санхүүгийн тайлан нь энэ хуульд заасан орлого, зарлагын тооцоо, түүнтэй холбоотой хөрөнгийн бүртгэл болон тайлбар хэсгээс бүрдэнэ.
36.2.Нам санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагын дагуу гаргана.
36.3.Орлогод дараах зүйлийг бүртгэнэ:
36.3.1.намын гишүүний татвар;
36.3.2.сонгуульт гишүүний татвар;
36.3.3.иргэний өгсөн хандив;
36.3.4.хуулийн этгээдийн өгсөн хандив;
36.3.5.намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал захиран зарцуулах замаар олсон орлого;
36.3.6.өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар олсон орлого;
36.3.7.төрийн санхүүжилт;
36.3.8.төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг;
36.3.9.бусад орлого;
36.3.10.энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4, 36.3.5, 36.3.6, 36.3.7,
36.3.8, 36.3.9-д заасан нийт орлого.
36.4.Зардалд дараах зүйлийг бүртгэнэ:
36.4.1.цалин хөлс;
36.4.2.урсгал зардал;
36.4.3.энэ хуулийн 26.3.1-д заасан үйл ажиллагааны зардал;
36.4.4.энэ хуулийн 26.3.2-т заасан үйл ажиллагааны зардал;
36.4.5.энэ хуулийн 26.3.3-т заасан үйл ажиллагааны зардал;
36.4.6.энэ хуулийн 36.4.3, 36.4.4, 36.4.5-д зааснаас бусад үйл ажиллагааны зардал;
36.4.7.сонгуулийн зардал;
36.4.8.эд хөрөнгийн ашиглалтын зардал;
36.4.9.бусад зардал;
36.4.10.энэ хуулийн 36.4.1, 36.4.2, 36.4.3, 36.4.4, 36.4.5, 36.4.6, 36.4.7, 36.4.8, 36.4.9-д заасан нийт зардал.
36.5.Хөрөнгөд дараах зүйлийг бүртгэнэ:
36.5.1.барилга;
36.5.2.эзэмшлийн газар;
36.5.3.ажлын байрны тоноглол, техник хэрэгсэл;
36.5.4.бэлэн мөнгөний үлдэгдэл;
36.5.5.хуримтлал;
36.5.6.бусад хөрөнгө.
36.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална.
36.7.Намын хандивыг дараах үзүүлэлтээр бүртгэнэ:
36.7.1.намын дансанд төвлөрүүлсэн нийт хандивын хэмжээ, хандивлагчийн тоо;
36.7.2.хандивлагч иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын үнэлгээ;
36.7.3.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх удирдлагын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын үнэлгээ.
36.8.Иргэн намын дансанд мөнгөн хандив шилжүүлэхдээ өөрийн орлогоос шилжүүлэх бөгөөд төлбөрийн даалгаварт ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, байнга оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаарыг тус тус заана.
36.9.Нам хандивыг сонгуулийн төв байгууллагаас баталсан бүртгэлийн маягтын дагуу цаасаар болон цахимаар бүртгэнэ.
36.10.Мөнгөн бус хөрөнгийг ижил төстэй хөрөнгийн зах зээлийн жишиг үнээр үнэлж мөнгөн дүнгээр бүртгэнэ.
36.11.Эд зүйлийг худалдах, зарцуулахад түүний эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнээр зарлага гаргана.
36.12.Намын орон нутгийн салбар хооронд хийгдсэн дотоодын суутган тооцоонд хөрөнгө зарцуулсан салбар дээр зарлагын бүртгэл хийгдэнэ.
36.13.Нам тайландаа нэмэлт тайлбар хавсаргаж болно.
36.14.Намын санхүүгийн тайланд намын салбар болон бүтцийн нэгж, намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэж, харьяа байгууллагын санхүүгийн мэдээллийг тусгана.
36.15.Намын нэгдсэн тайланд намын төв байгууллагын тайланг доод шатны намын салбар нэгжийн тайлангийн хамт тус тус хавсаргана. Орон нутаг дахь салбар нэгжийн тайланд хандив өгсөн бүх хандивлагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тус бүр өргөсөн хандивын хэмжээтэй хамт бичиж тусгана. Намын төв байгууллага энэ хандив болон хандивлагчийн жагсаалтыг нэгтгэж, авсан нийт хандивын хэмжээ, тодорхой нэг хандивлагчаас өргөсөн хандивын нийлбэр дүнг нэгтгэн гаргана.
36.16.Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн тайлан, түүнд холбогдох баримт бичгийг тухайн тайлант хугацаа дууссанаас хойш 10 жил хадгална.