37 дугаар зүйл. Улс төрийн намын санхүүгийн тайлан гаргах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Улс төрийн намын санхүүгийн тайлан гаргах

37.1.Нам санхүүгийн нэгтгэсэн тайланг үнэн зөвөөр гаргана. Намын салбар нэгжийн гүйцэтгэх байгууллага өөрийн санхүүгийн тайланг гаргаж, намын төв байгууллагад хүргүүлнэ.

37.2.Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

37.3.Нам санхүүгийн тайланг гаргахдаа Шилэн дансны тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримталж, энэ хуулийн 36 дугаар зүйлд заасныг тусгана.

37.4.Намын санхүүгийн тайланд дараах агуулга бүхий намын үйл ажиллагааны товч тайланг хавсаргана:

37.4.1.намын гишүүний тоог тайлант жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар;

37.4.2.намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллагыг хуралдуулсан эсэх мэдээлэл;

37.4.3.энэ хуулийн 26.3-т заасан үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

37.4.4.энэ хуулийн 35.1-д заасан үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

37.5.Намын дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь аль нэг аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбогдсон ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно. Түүнчлэн намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь төрийн алба, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд давхар алба хашихыг хориглоно.

37.6.Нам нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

37.7.Намын санхүүгийн тайланг хянан шалгах нэг, эсхүл түүнээс дээш тооны дотоод аудиторыг намын төлөөллийн төв байгууллагаас дөрвөн жилийн хугацаатай томилно. Түүнийг нэг удаа улируулан томилж болно.

37.8.Намын санхүүгийн тайланг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэхээс өмнө намын гүйцэтгэх төв байгууллага хэлэлцэнэ.

37.9.Намын санхүүгийн тайланг баталгаажуулж намын дарга болон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан гарын үсэг зурна.

37.10.Санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны зурсан гарын үсэг нь тайланд агуулагдаж байгаа мэдээлэл үнэн зөв хийгдсэний баталгаа болно.

37.11.Намын дарга энэ хуулийн 37.9-д зааснаас бусдаар намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.