38 дугаар зүйл. Санхүүгийн тайланг баталгаажуулах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Санхүүгийн тайланг баталгаажуулах

38.1.Нам жилийн эцсийн санхүүгийн тайлангаа жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Аудитын тухай хуульд заасан шаардлагыг хангасан аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан аудит хийсэн санхүүгийн тайланг сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

38.2.Аудитын хуулийн этгээд холбогдох баримт бичигтэй танилцах боломжийг нам бүрдүүлэх үүрэгтэй.

38.3.Аудитын хуулийн этгээд намын санхүүгийн тайланг хянаад зөрчилтэй гэж үзвэл тайланг баталгаажуулахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар сонгуулийн төв байгууллагад ажлын гурван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

38.4.Энэ хуулийн 38.1-д заасан аудитын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс гаргана.

38.5.Дараах этгээд намын санхүүгийн тайланд аудит хийхийг хориглоно:

38.5.1.тухайн намд болон тухайн намын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн ажил, албан тушаал хашиж байгаа, эсхүл сүүлийн гурван жилийн хугацаанд хашиж байсан;

38.5.2.намын нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд, эсхүл намын тайланг гаргахад оролцсон;

38.5.3.ашиг сонирхлын зөрчил үүссэн бусад нөхцөл.

38.6.Энэ хуулийн 38.1-д заасан аудитын хяналтыг хийхэд намын санхүүгийн тайлан болон аудитын хуулийн этгээдийн илрүүлсэн эрсдэлд үндэслэн орон нутгийн салбар нэгж байгууллагын 5-аас доошгүй хувийг түүвэрт хамруулна.

38.7.Аудитын хуулийн этгээд хянан шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай тодруулга, баримт бичгийг намын гүйцэтгэх төв байгууллага болон түүний ажилтнаас шаардах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор аудитор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, эд хөрөнгийг шалгах эрхтэй.

38.8.Шалгуулж байгаа намын орон нутгийн салбар нэгжийн гүйцэтгэх байгууллагаас тайланд тусгагдах ёстой бүх орлого, зарлага, эд хөрөнгийг бүртгэсэн тухай баталгааг аудиторт бичгээр гаргаж өгнө. Баталгааг орон нутгийн салбар нэгжийн доод шатны намын гүйцэтгэх байгууллагаас гаргуулж болох ба санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан бичгээр баталгаа гаргана.

38.9.Аудитын шалгалтын үр дүнг бичгээр тайлагнаж, намын гүйцэтгэх төв байгууллага болон шалгуулсан орон нутгийн салбар нэгжийн гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгнө.

38.10.Аудитын хуулийн этгээд намын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэл, бусад баримт бичиг болон намын гүйцэтгэх төв байгууллагаас өгсөн тайлбар, тодруулгыг үндэслэн холбогдох олон улсын стандартын дагуу шалгаж, баталгаажуулан дүгнэлт, тайлан гаргана.

38.11.Аудитын дүгнэлтийг намын тайланд хавсаргах бөгөөд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу бүрэн хэмжээгээр нийтэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.