39 дугаар зүйл. Улс төрийн намын санхүүгийн тайлангийн хяналт

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Улс төрийн намын санхүүгийн тайлангийн хяналт

39.1.Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн тайланг хүлээн авч энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянах бөгөөд энэ хуулийн 38.10-т заасан аудитын тайланг харгалзан үзнэ.

39.2.Хяналтын ажиллагаа дуусгавар болсны дараа сонгуулийн төв байгууллага дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тогтооно:

39.2.1.тайланд алдаа, зөрчил байсан эсэх;

39.2.2.тайланг алдаа, зөрчилтэй гаргасан бол үүний улмаас намд олгосон санхүүжилт зөрүүтэй эсэх.

39.3.Хэрэв намын тайланд байгаа мэдээлэл үнэн, бодит эсэхэд эргэлзэх тодорхой үндэслэл байвал сонгуулийн төв байгууллага тухайн намд ажлын таваас доошгүй өдрийн хугацаа заан мэдэгдэж, тайлбар хийх, залруулах боломж олгоно.

39.4.Энэ хуульд заасны дагуу намын санхүүгийн тайланг сонгуулийн төв байгууллага хүлээн авч хянаад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

39.5.Төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнана.

39.6.Энэ хуулийн 39.2-т заасан алдаа, зөрчилтэй тайлан ирүүлсэн нам аудитын хуулийн этгээдийн тогтоосон хугацаанд тухайн алдаа, зөрчлийг арилгаж, тайлангаа бүрэн, эсхүл хэсэгчлэн шинэчлэн ирүүлнэ. Шинэчилсэн тайлангийн үнэн зөвийг аудит хийлгэж баталгаажуулна.

39.7.Санхүүгийн тайланг хянах явцад олж авсан боловч намын тайланд шууд хамаарахгүй мэдээллийг нийтэлж болохгүй бөгөөд төрийн бусад байгууллагад дамжуулахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.