5 дугаар зүйл. Улс төрийн намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх
5.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.
5.2.Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон намын гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.
5.3.Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ.
5.4.Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, эсхүл намд албадан элсүүлэх, эсхүл ийм зорилгоор хууль бус нөлөөлөл, шахалт үзүүлэхийг хориглоно.
5.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй.
5.6.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны баримт бичигт тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.
5.7.Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно.
5.8.Төр иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй.
5.9.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон бөгөөд хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон холбогдох бусад үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно.
5.10.Энэ хуулийн 5.9-д зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.
5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол намын зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
5.12.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно.
5.13.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулах, гишүүнээр элсэхийг хориглоно.