7 дугаар зүйл. Улс төрийн намын эрх, үүрэг
7.1.Нам дараах эрхийг эдэлнэ:
7.1.1.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
7.1.2.намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
7.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
7.1.4.хуульд заасны дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх;
7.1.5.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;
7.1.6.бусад намтай эвсэл байгуулах;
7.1.7.олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагатай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;
7.1.8.хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
7.1.9.хууль тогтоомжид заасан журмын дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, сонгогчдод танилцуулах, сурталчлах;
7.1.10.хуульд заасан бусад эрх.
7.2.Улсын Их Хурлын сонгуульд тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг Улсын Их Хуралд суудал бүхий нам гэж ойлгоно.
7.3.Намыг дараах тохиолдолд Улсын Их Хуралд суудал бүхий намд тооцохгүй:
7.3.1.Улсын Их Хуралд төлөөлөлгүй болсон;
7.3.2.нам татан буугдсан.
7.4.Улсын Их Хуралд суудал бүхий нам дараах эрхтэй:
7.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчид нам дангаараа буюу хамтран нэр дэвшүүлэх;
7.4.2.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаарх асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах;
7.4.3.Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих;
7.4.4.Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх.
7.5.Нам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй.