8 дугаар зүйл. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх
8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно.
8.2.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагыг бүрдүүлэхдээ дараах шаардлагыг хангана:
8.2.1.нууц санал хураалт явуулах;
8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
8.2.3.нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх.
8.3.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын болон намын бусад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр намын дүрэмд зааж болно.
8.4.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн оролцоог хангаж, саналыг сонсоно.
8.5.Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана.
8.6.Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
8.7.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.
8.8.Жендэрийн үндэсний хороо энэ хуулийн 8.2.3, 17.7-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
8.9.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 8.8-д заасан дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах талаарх шаардлагыг тухайн намд хүргүүлэх бөгөөд хүргүүлсэн өдрөөс хойш зургаан сарын дотор уг зөрчлийг арилгаагүй бол тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.