9 дугаар зүйл. Улс төрийн намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Улс төрийн намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах

9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.

9.2.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана.

9.3.Нам өөрийн бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг аюулгүй байдлыг хангасан программ хангамж ашиглан намын дүрэмд заасны дагуу цахимаар явуулж болно.

9.4.Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй.

9.5.Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.

9.6.Нам цахим хуудсандаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчилнэ:

9.6.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;

9.6.2.намын дүрэм;

9.6.3.намын хөтөлбөр;

9.6.4.намын сонгуулийн мөрийн хөтөлбөр;

9.6.5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа газрын хаяг;

9.6.6.намын даргын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.6.7.намын ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.6.8.намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын дарга, гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.6.9.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

9.6.10.намын гишүүний тоо;

9.6.11.намын болон харьяа байгууллагын санхүүгийн тайлан;

9.6.12.намын үйл ажиллагааны товч тайлан;

9.6.13.нам аймаг, сум, нийслэл, дүүрэгт салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

9.6.14.намын бүтэц, зохион байгуулалт;

9.6.15.намын үйл ажиллагааны мэдээлэл;

9.6.16.бусад мэдээлэл.

9.7.Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу цахим хуудсанд байршуулна. Хандивлагчийг мэдээлэхдээ энэ хуулийн 43.8-д заасныг баримтална.

9.8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдээ нээлттэй танилцуулж байна.

9.9.Нам энэ хуулийн 9.6.1, 9.6.3, 9.6.4, 9.6.5, 9.6.7, 9.6.8, 9.6.9, 9.6.10, 9.6.11, 9.6.12-т заасан баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлт оруулснаас хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

9.10.Сонгуулийн төв байгууллага цахим хуудсандаа тухайн намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, энэ хуулийн 9.6.1, 9.6.2, 9.6.3, 9.6.4, 9.6.5, 9.6.6, 9.6.7, 9.6.8, 9.6.9, 9.6.10, 9.6.11, 9.6.12-т заасан намын баримт бичиг, мэдээллийг байршуулж, тухай бүр шинэчилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.