10 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зохион байгуулалт
10.1.Захиалагч тендер шалгаруулалтыг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан аргаар зохион байгуулна.
10.2.Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно.
10.3.Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
10.4.Бараа худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ хуулийн 8.2-т заасан барааг бусад бараанаас тусад нь багцална.
10.5.Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар багцалж болно.
10.6.Оролцогч тендер шалгаруулалтын хэдэн багцад тендер ирүүлэхийг захиалагч хязгаарлахгүй.
10.7.Энэ хуулийн 4.1.8-д заасан ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.
10.8.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллагын тусгай хэрэгцээний болон нийслэл хотын аж ахуй, инженер хангамжийн бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх, эсхүл хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлыг холбогдох хуулийн дагуу гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.9.Захиалагч энэ хуулийн 12.7-д заасан тусгайлсан шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах, нийгмийн амьдралд оролцуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
10.10.Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэхэд шаардлагатай хэвлэл мэдээллийн үйлчилгээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээлийг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно.
10.11.Энэ хуулийн 31.2-т өөрөөр заагаагүй бол захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоох нөхцөлтэй тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.12.Энэ хуулийн 10.2, 34.1-д заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
10.13.Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ хуулийн 10.12-т заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно.