11 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичиг

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичиг

11.1.Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.

11.2.Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.

11.3.Энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэлээр бэлтгэж болно.

11.4.Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:

11.4.1.харьцуулах үнэ;

11.4.2.ашиглалтын хугацааны өртөг;

11.4.3.чанар ба үнийн хосолмол.

11.5.Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан дараах шалгуур үзүүлэлтээс аль тохирохыг мөнгөөр илэрхийлэн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж тооцохоор тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно:

11.5.1.бараа хүргэх, ажил, үйлчилгээ дуусгах хугацаа;

11.5.2.гэрээний гүйцэтгэлийн дараах үйлчилгээ;

11.5.3.байгаль орчинд нөлөөлөх байдал;

11.5.4.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.

11.6.Энэ хуулийн 11.5-д заасан шалгуур үзүүлэлт нь зөвхөн санал болгох бараа, ажил, үйлчилгээнд хамаарна.

11.7.Захиалагч энэ хуулийн 11.4.3-т заасан шалгуурыг хэрэглэх бол чанар ба үнийн шалгуур тус бүрд өгөх оноог тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

11.8.Чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авахад хэрэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.9.Бараа, ажил, үйлчилгээний үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

11.10.Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөх бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

11.11.Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

11.12.Тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай бүрд цахим системийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг тусгана.

11.13.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрөөр заагаагүй бол тендерийн үнийг тус хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

11.14.Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.