12 дугаар зүйл. Техникийн тодорхойлолт

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Техникийн тодорхойлолт

12.1.Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.

12.2.Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.

12.3.Техникийн тодорхойлолтод хүний эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж болно.

12.4.Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.

12.5.Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэнэ.

12.6.Барилга байгууламж, дэд бүтэцтэй холбогдох техникийн тодорхойлолтод хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүн, түгээмэл загварыг тусгана.

12.7.Барааг үйлдвэрлэх, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх явцад баримтлах тусгайлсан шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгаж болно.

12.8.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх зөвлөгөөг тухайн салбарын иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчээс авч болно.

12.9.Техникийн тодорхойлолтыг хүрээлэн байгаа орчинд ээлтэй хэлбэрээр боловсруулах аргачлал, зааврыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.