14 дугаар зүйл. Тендерийн баталгаа
14.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана:
14.1.1.багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол;
14.1.2.багцтай тендер шалгаруулалтын тухайн багцын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол.
14.2.Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно.
14.3.Оролцогч тендерийн баталгааг банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны баталгаагаар, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар гаргана.
14.4.Тендерийн баталгааны дүнг гадаад валютаар илэрхийлсэн тохиолдолд баталгааг хөрвүүлэх ханшийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.
14.5.Гадаадын этгээд гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах тохиолдолд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгааг хүргүүлнэ.
14.6.Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:
14.6.1.оролцогч тендерийг нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан;
14.6.2.гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй;
14.6.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
14.7.Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.
14.8.Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна.