21 дугаар зүйл. Тендер бэлтгэх
21.1.Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:
21.1.1.тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах;
21.1.2.тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх;
21.1.3.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх.
21.2.Сонирхогч этгээд болон оролцогч тендер бэлтгэх, илгээх, тендер шалгаруулалтад оролцохтой холбогдох зардлыг бүрэн хариуцна.
21.3.Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална.
21.4.Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хувилбарт саналыг үндсэн тендерийн хамт ирүүлж болно.
21.5.Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ.