32 дугаар зүйл. Нээлттэй тендер шалгаруулалтын арга
32.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
32.2.Нээлттэй тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтэлнэ.
32.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаа ажлын 15-аас дээш, энэ хуулийн 8.3-т заасан тендер шалгаруулалтад ажлын 20-иос дээш өдөр байхаар заана.
32.4.Энэ хуулийн 33 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна.
32.5.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг холбогдох Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, эсхүл Засгийн газар тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаас өмнө урьдчилан зохион байгуулж болно.
32.6.Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.