33 дугаар зүйл. Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах

33.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно.

33.2.Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахад захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон техникийн тодорхойлолт бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, энэ хуулийн 18.3-т заасан зарлалд тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах талаар заана.

33.3.Нэгдүгээр үе шатанд техникийн санал ирүүлэх сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах бараа, ажил, үйлчилгээний шийдлийг санал болгоно.

33.4.Захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан урилгын дагуу зохион байгуулах тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд энэ хуулийн 32.3-т заасан хугацааг баримтална.

33.6.Нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатанд оролцсон этгээд тендер ирүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.