34 дугаар зүйл. Харьцуулалтын арга
34.1.Захиалагч нийт төсөвт өртөг нь харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг харьцуулалтын аргаар цахим системд үнийн санал дуудаж зохион байгуулж болно.
34.2.Захиалагч зарлалд энэ хуулийн 18.3-т зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:
34.2.1.үнийн санал дуудах ажиллагаа хүчин төгөлдөр байхад шаардлагатай оролцогчийн тоо;
34.2.2.үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам, хугацаа.
34.3.Захиалагч энэ хуульд заасан цахим системд бүртгэлтэй аж ахуй эрхлэгчдэд үнийн санал дуудах урилга хүргүүлнэ.
34.4.Урилга хүргүүлсэн өдрөөс хойш ажлын таваас доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар урилгад заана.
34.5.Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлсэн сонирхогч этгээд уг ажиллагаанд оролцох эрхтэй.
34.6.Бүртгүүлсэн сонирхогч этгээдийн тоо зарлалд заасан шаардлагатай тоонд хүрээгүй бол захиалагч үнийн санал дуудах ажиллагааг цуцалж, цахим системээр мэдэгдэнэ.
34.7.Сонирхогч этгээд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендерийг цахим системд ирүүлнэ.
34.8.Үнийн санал дуудах ажиллагааны туршид оролцогчийн мэдээлэл нууц байх бөгөөд оролцогч цахим системээс олгосон ялгах дугаарыг ашиглаж, заасан хугацаанд үнийн саналыг бууруулан хэдэн ч удаа ирүүлж болно.
34.9.Үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчийн тендерийг хянан үзэж, шаардлага хангасан бол гэрээ байгуулах эрх олгоно.
34.10.Энэ хуулийн 34.9-д зааснаар хянан үзэхэд тендер шаардлагад нийцээгүй бол удаах эрэмбэлэгдсэн тендерийг хянан үзнэ.
34.11.Энэ хуулийн 9.5-д заасан нөхцөлд захиалагч үнийн санал дуудах ажиллагааг дахин зарлах хугацааг оролцогчид цахим системээр мэдэгдэнэ.
34.12.Харьцуулалтын аргаар худалдан авах бараа цахим каталогт бүртгэгдсэн байна.