35 дугаар зүйл. Гэрээ шууд байгуулах арга
35.1.Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болно:
35.1.1.захиалагч урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
Тайлбар:Энэ заалтын дагуу гэрээ шууд байгуулахад өмнөх тендер шалгаруулалт амжилтгүй болсон, захиалагчаас хамаарах шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширсан, эсхүл төсвийн жил дуусаж санхүүжилтийн эх үүсвэргүй болох нөхцөл байдал хамаарахгүй.
35.1.2.онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
35.1.3.шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис нийлүүлэх боломжтой этгээдийн тоо хязгаарлагдмал.
35.2.Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 54.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ.
35.3.Захиалагчаас бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой гэж үзсэн гадаадын этгээдэд хэлэлцээ хийх урилгыг цахим системд зарлал нийтэлсэн өдөрт багтаан хүргүүлж болно.
35.4.Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацааг зарлал нийтэлж, урилга хүргүүлснээс хойш ажлын таван өдөр байхаар, хэлэлцээ эхлүүлэх хугацааг сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын гурваас доошгүй өдөр байхаар зарлал, урилгад тус тус заана.
35.5.Захиалагч хэлэлцээг зарлалд заасан хугацаанд сонирхогч этгээдтэй нэгэн зэрэг хийнэ.
35.6.Захиалагч хэлэлцээ хийхэд баримтлахаар тогтоосон дэгийг сонирхогч этгээдэд танилцуулж, хэлэлцээний тэмдэглэл хөтөлнө.
35.7.Сонирхогч этгээд зарлалд заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй нь хэлэлцээг хойшлуулах үндэслэл болохгүй.
35.8.Хэлэлцээгээр техникийн тодорхойлолт, санхүүжилтийн болон гэрээний нөхцөлийн талаар мэдээллийг солилцоно.
35.9.Захиалагч хэлэлцээний үндсэн дээр баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийг цахим системд нийтэлж, тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын долоогоос доошгүй өдөр байхаар заана.
35.10.Хэлэлцээнд оролцсон этгээд тендер ирүүлэх эрхтэй байна.
35.11.Энэ хуулийн 35.1-д заасан нөхцөлийг даван туулах, эсхүл түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг авран хамгаалахад энэ зүйлд заасан доод хугацаа, журмыг баримтлах боломжгүй бодитой нөхцөл байгаа бол шаардлагатай хугацаагаар багасгаж, урилга хүргүүлэх, хэлэлцээ хийх, тендер хүлээн авах журмыг баримтлахгүй байж болно.
35.12.Тендер нээснээс хойш захиалагч энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тодруулга авах эрхгүй байна.
35.13.Энэ зүйлд заасны дагуу байгуулах гэрээний тоо хэмжээ, хугацаа нь уг аргыг сонгох болсон яаралтай нөхцөл байдлыг даван туулахад шаардлагатай тоо хэмжээ, хугацаанд нийцсэн байна.
35.14.Бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тоо хэмжээ, хугацааг энэ хуулийн 35.13-т нийцүүлэн хязгаарласны дараа үлдэх төсөвт өртөг энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрэх бол худалдан авах ажиллагааг аль болох богино хугацаанд эхлүүлнэ.
35.15.Захиалагч энэ хуулийн 35.1-д зааснаар зохион байгуулсан тендер шалгаруулалтад бүх тендерээс татгалзсан үндэслэлээр дахин тендер шалгаруулалт зарлах бол энэ хуулийн 28.5-д заасныг мөрдөхгүй байж болно.
35.16.Захиалагч энэ зүйлд заасан хэлэлцээ хийхэд баримтлах дэгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.