37 дугаар зүйл. Ерөнхий гэрээний арга

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Ерөнхий гэрээний арга

37.1.Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад дараах хоёр үе шаттайгаар зохион байгуулна:

37.1.1.нэгдүгээр үе шатанд худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага захиалагчийн худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангах бараа нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан оролцогчтой ерөнхий гэрээ байгуулан, цахим дэлгүүрт бүртгэх;

37.1.2.хоёрдугаар үе шатанд захиалагч бараа, үйлчилгээг үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авах.

37.2.Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлтэйгөөр энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, захиалагчийн хэрэгцээнд үндэслэн бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг урьдчилан тогтооно:

37.2.1.гурав хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх;

37.2.2.гэрээ байгуулах оролцогчийн тоог хязгаарлахгүй байх;

37.2.3.гэрээ хүчинтэй байх хугацаанд шаардлага хангасан оролцогчийг нэмж оруулах боломжтой байх;

37.2.4.үйл ажиллагааны салбар, газар зүйн байрлалд үндэслэн захиалагчийг тодорхойлсон байх.

37.3.Ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны тендер шалгаруулалтын зарлалд энэ хуулийн 18.3-т заасан мэдээллээс гадна гэрээний хүчинтэй байх хугацааг тусгана.

37.4.Энэ хуулийн 37.2-т заасан тендер шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн тендерийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, энэ хуулийн 27.11-д заасны дагуу гэрээ байгуулна.

37.5.Шалгарсан оролцогчтой байгуулсан ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт нэгж үнээр байршуулна.

37.6.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах ерөнхий гэрээнд энэ хуулийн 37.2, 39.3-т заасан нөхцөлийг тусгана.

37.7.Ерөнхий гэрээнд энэ хуулийн 39.4, 39.5, 41 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.