39 дугаар зүйл. Худалдан авах гэрээ
39.1.Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/-ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна.
39.2.Худалдан авах гэрээний үнийг гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрт заасан үнээр тогтооно.
39.3.Худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
39.3.1.гэрээний үнэ;
39.3.2.гэрээний зүйл болон бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл;
39.3.3.төлбөрийн нөхцөл, хугацаа;
39.3.4.урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дүн;
39.3.5.захиалагчийн хяналт хэрэгжүүлэх этгээд, хэлбэр;
39.3.6.бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хуваарь;
39.3.7.давуу эрх тооцсон бараа, материал, ажиллах хүчний мэдээлэл;
39.3.8.гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал;
39.3.9.түншлэл, туслан гүйцэтгэгчийн мэдээлэл;
39.3.10.гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэл, журам;
39.3.11.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл.
39.4.Захиалагч худалдан авах гэрээ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг цахим системд бүртгэж, олон нийтэд нээлттэй байршуулна.
39.5.Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.