42 дугаар зүйл. Гүйцэтгэлийн болон зүгшрүүлэх, тохируулах хугацааны баталгаа
42.1.Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана.
42.2.Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувиар тогтоож тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.
42.3.Гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг дараах хэлбэрээр ирүүлж болно:
42.3.1.энэ хуулийн 42.2-т заасан дүнгээс багагүй мөнгөн төлбөрийн үүргийг захиалагчийн шаардлагаар гүйцэтгэх тухай банкны, эсхүл Монгол Улсын даатгагчийн баталгаа;
42.3.2.энэ хуулийн 42.2-т заасан дүнгээс багагүй нэрлэсэн үнэтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг захиалагчийн шаардлагаар шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн баталгаа.
42.4.Гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах эрхийг гадаадын этгээд эдлэх бөгөөд энэ тохиолдолд баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдээр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагыг заасан байна.
42.5.Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно.
42.6.Гүйцэтгэгч энэ хуулийн 42.5-д заасан барьцааг энэ хуулийн 42.3-т заасан хэлбэрээр гаргаж болно.
42.7.Энэ хуульд зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл гэрээний хүчинтэй хугацаанд гүйцэтгэлийн баталгаа хүчингүй болох нөхцөл үүсвэл гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг зохих шаардлагад нийцүүлэн шинэчлэн гаргуулах, хүчинтэй гүйцэтгэлийн баталгаагаар солих үүрэг хүлээнэ.
42.8.Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө захиалагчид гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлнэ.
42.9.Гүйцэтгэгч энэ хуулийн 42.8-д заасан гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг гэрээний үүргээ зөрчсөнд тооцож, гүйцэтгэлийн баталгааг захиалагчийн орлого болгоно.