45 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаа зохион байгуулах
45.1.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална.
45.3.Энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад хамаарахгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд төсвийн шууд захирагч захиалагч байна.
45.4.Энэ хуулийн 45.1, 45.2, 45.3-т зааснаас бусад улсын төсвийн хөрөнгө, захиалагчийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг захиалагч өөрөө зохион байгуулна.
45.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна.
45.6.Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 45.5-д заасан захиалагч өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж зохион байгуулна.
45.7.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх энэ хуулийн 45.1, 45.2, 45.3, 45.4-т зааснаас бусад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг харьяалах доод шатны төсвийн захирагчид, эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол ажлын 10 өдрийн дотор шилжүүлнэ.