48 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

48.1.Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

48.2.Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

48.2.1.худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах;

48.2.2.үнэлгээний хороо байгуулах;

48.2.3.үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;

48.2.4.энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах;

48.2.5.тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх;

48.2.6.худалдан авах гэрээ байгуулах;

48.2.7.худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх;

48.2.8.энэ хуульд зааснаар худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах;

48.2.9.энэ хуулийн 54.6-д заасан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;

48.2.10.энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

48.2.11.гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх;

48.2.12.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах;

48.2.13.хуульд заасан бусад.

48.3.Захиалагчийг төлөөлөх этгээд энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

48.4.Захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулах бүрд тендер шалгаруулалтын хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

48.4.1.санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр;

48.4.2.нээлттэй тендер шалгаруулалтын аргаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгох болсон үндэслэл;

48.4.3.захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

48.4.4.захиалагч, оролцогчтой харилцсан албан бичиг;

48.4.5.оролцогчдын ирүүлсэн тендер;

48.4.6.үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж;

48.4.7.тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл;

48.4.8.захиалагчийн шийдвэр;

48.4.9.худалдан авах гэрээ;

48.4.10.энэ хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг;

48.4.11.бусад баримт бичиг.

48.5.Тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын нэгж болгон хадгална.

48.6.Захиалагч шалгарсан оролцогчийн тендерт ирүүлсэн загвар, дээжийг гэрээний үргэлжлэх хугацааны туршид хадгалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хянахад ашиглаж болно.

48.7.Захиалагч энэ хуулийн 35, 36 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт гэрээ байгуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.

48.8.Захиалагч энэ хуулийн 7.1.4-т заасан нөхцөл үүссэн, эсхүл энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан ажилтан, албан тушаалтанд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд захиалагч холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.