49 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага
49.1.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх ба аймаг, нийслэл, дүүрэгт худалдан авах ажиллагааны нэгжтэй байна.
49.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн шатны Засаг дарга худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга мөн нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.
49.3.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжийн дарга нь ял шийтгүүлж байгаагүй, төрийн албанд зургаагаас дээш жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай, сүүлийн гурван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй байна.
49.4.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
49.4.1.цахим системийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагч, оролцогчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
49.4.2.захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх;
49.4.3.ерөнхий гэрээ байгуулахтай холбоотойгоор энэ хуулийн 48.2.11-д зааснаас бусад захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх;
49.4.4.худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
49.4.5.цахим системийн ашиглалт, худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулах;
49.4.6.цахим систем, түүний бүрэлдэхүүн хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцан, цахим системийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлэх;
49.4.7.энэ хуулийн 22.10-т заасан хураамжийн 30 хүртэл хувийг цахим системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах;
49.4.8.энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан бүртгэлийн тогтолцоо үүсгэх, хөтлөх, боловсронгуй болгох;
49.4.9.цахим системийн ашиглалтад дүн шинжилгээ хийж, холбогдох мэдээ, тоо баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
49.4.10.бараа, ажил, үйлчилгээний жишиг техникийн тодорхойлолт боловсруулах, ерөнхий гэрээ байгуулах бараа, үйлчилгээг тодорхойлох зорилгоор зах зээлийн судалгаа хийх;
49.4.11.ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний нэгж үнийн дээд хязгаарыг тогтоох, ерөнхий гэрээний аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах;
49.4.12.энэ хуульд заасан баталгааг цахим системээр гаргах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
49.4.13.шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
49.4.14.захиалагч, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгох;
49.4.15.энэ хуульд заасан бусад.
49.5.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4.5, 49.4.8, 49.4.10-т заасан чиг үүргийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
49.6.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д зааснаар чиг үүргээ бусад этгээдэд шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
49.7.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж энэ хуулийн 45.6-д заасан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулна.
49.8.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
49.8.1.худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн саналаа худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
49.8.2.захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх;
49.8.3.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 49.4.10-т заасан судалгаа хийх;
49.8.4.цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахад дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах;
49.8.5.энэ хуулийн 49.4.13-т заасан чиг үүрэг.
49.9.Гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг тухайн байгууллагын хүсэлтэд үндэслэн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.