50 дугаар зүйл. Үнэлгээний хороо

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Үнэлгээний хороо

50.1.Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:

50.1.1.100 сая төгрөг хүртэл төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог гурваас доошгүй;

50.1.2.ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны, эсхүл энэ хуулийн 50.1.1-д зааснаас бусад тендер шалгаруулалтын үнэлгээний хороог таваас доошгүй.

50.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

50.2.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;

50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;

50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.

50.3.Үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байна.

50.4.Үнэлгээний хорооны гишүүний гуравны нэгээс доошгүй нь захиалагчаас хараат бус гишүүн байна.

50.5.Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно.

50.6.Үнэлгээний хороонд тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж болно.

50.7.Үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчсөн бол захиалагч түүнийг үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлж, шинэ гишүүн нөхөн томилно.

50.8.Захиалагч үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 50.2.1-д заасан чиг үүргийг гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болохоор байгуулж болно.

50.9.Энэ хуулийн 50.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 50.2.2, 50.2.3-т заасан чиг үүрэгтэй үнэлгээний хороог шинээр байгуулна.

50.10.Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

50.11.Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно.

50.12.Үнэлгээний хороо шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана.

50.13.Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний хорооны гишүүнд урамшуулал олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.