56 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч
56.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ байна.
56.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
56.3.Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргана.
56.4.Засгийн газар улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг тогтоож, улсын байцаагчийн дүрмийг батална.
56.5.Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:
56.5.1.худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;
56.5.2.энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн;
56.5.3.улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсан;
56.5.4.худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхэд мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эсхүл эрх бүхий бусад этгээд тогтоосон;
56.5.5.энэ хуулийн 10.9-д зааснаар, эсхүл давуу эрх авч гэрээ байгуулсан гүйцэтгэгч гэрээний үүрэг гүйцэтгэхэд хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг зохих ёсоор оролцуулаагүй, эсхүл давуу эрх тооцуулсан нөхцөлийг биелүүлээгүй.
56.6.Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
56.6.1.энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;
56.6.2.энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
56.6.3.гэрээний үүргийн гүйцэтгэлд гарсан алдааг залруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх.
56.7.Энэ хуулийн 56.6.2, 56.6.3-т заасан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар улсын байцаагчид хариу мэдэгдэнэ.
56.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана.
56.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
56.10.Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно.
56.11.Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч энэ хуулийн 56.10-т заасан гомдлыг ажлын 20 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
56.12.Энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл бий болсноос хойш гурван жилийн хугацаанд улсын байцаагчийн хяналт шалгалтыг эхлүүлж болно.
56.13.Энэ хуулийн 56.12-т заасан хугацааны дотор эхлүүлсэн хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох зорилгоор хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацаа тасалдсанд тооцно.
ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ