10 дугаар зүйл. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх

10.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө.

10.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг дараах зориулалтаар чөлөөлнө:

10.2.1.боловсролын үйлчилгээ;

10.2.2.эрүүл мэндийн үйлчилгээ;

10.2.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;

10.2.4.нийтийн номын сан, соёлын байгууллага;

10.2.5.спортын байгууламж;

10.2.6.эрчим хүч;

10.2.7.дулаан хангамж;

10.2.8.ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж;

10.2.9.харилцаа холбооны шугам, сүлжээ;

10.2.10.авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам;

10.2.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;

10.2.12.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах үйл ажиллагаа;

10.2.13.хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах;

10.2.14.тохижилт, цэцэрлэгжүүлэлт;

10.2.15.явган зам, дугуйн зам;

10.2.16.нийтийн хэрэгцээний авто зогсоол;

10.2.17.нийтийн тээвэр, дүүжин тээвэр;

10.2.18.гэр хорооллыг орон сууцжуулах.

10.3.Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.

10.5.Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 10.4-т заасан шийдвэрийг хүргүүлнэ.

10.6.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын байраар хангах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж болно.

10.7.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

10.8.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журамд газар чөлөөлөх үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн санхүүжилт, нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загвар, газрын өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох, төрийн байгууллагын оролцоо, түүний эрх, үүрэг, маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.