12 дугаар зүйл. Газрын нөхөх олговрын үнэлгээ
12.1.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ.
12.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг эс зөвшөөрвөл уг үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрийн зардлаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэж болно.
12.3.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол уг хугацаа дууссанаас хойш 14 хоногт багтаан үнэлгээг хийлгэнэ.
12.4.Энэ хуулийн 12.1, 12.2-т заасан үнэлгээ зөрүүтэй байвал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
12.5.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно.