14 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
14.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлнэ.
14.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 31.1.2-т заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг тодорхой зааж бичгээр хариу өгнө.
14.4.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
14.4.1.зөвшөөрөл хүссэн өргөдөл;
14.4.2.энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;
14.4.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
14.4.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
14.4.5.үржүүлэх нохой, муурын төрөл, үүлдэр, хүйс, тоо толгой, чипний дугаарын мэдээлэл;
14.4.6.цэвэр үүлдрийн нохойны хувьд удмын бичиг.
14.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны нөхцөл байдалтай биечлэн танилцах эрхтэй.
14.6.Энэ хуулийн 31.1.5-д заасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх журамд дараах зүйлийг тусгана:
14.6.1.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл;
14.6.2.нохой, муурын үүлдэр;
14.6.3.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны эрүүл ахуйн шаардлага.