19 дугаар зүйл. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
19.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
19.1.1.нохой, муур үржүүлэгч хүсэлт гаргасан;
19.1.2.нохой, муур үржүүлэгч хуулийн этгээд татан буугдсан;
19.1.3.нохой, муур үржүүлэгч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
19.1.4.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
19.1.5.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн;
19.1.6.энэ хуулийн 36.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан;
19.1.7.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;
19.1.8.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
19.1.9.энэ хуулийн 16.2-т заасан бүртгэлийн тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав буюу түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;
19.1.10.энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон;
19.1.11.гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн, худалдаа, тэмцээн уралдааныг зөвшөөрөгдсөнөөс өөр байршилд, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаагүй нөхцөлд зохион байгуулсан.
19.2.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ.