22 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
22.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу олгоно.
22.2.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.
22.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:
22.3.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл нь хангагдаагүй талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;
22.3.2.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 24.1.1-д заасан шаардлага хангаагүй;
22.3.3.зөвшөөрөл хүсэгч нь иргэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд бол;
22.3.4.зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 28.1.5-д заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан;
22.3.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн нь нохой, муур үржүүлэгчийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан бол.
22.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах орон байрны нөхцөл байдалтай биечлэн танилцах эрхтэй.