11 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах, бүртгэх
11.1.Үйлдвэрлэл эрхлэгч органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтийг мэдээллийн санд илгээхдээ дараах шаардлагыг хангасан байна:
11.1.1.дотоод хяналтын хуудсыг бөглөх;
11.1.2.мэдээллийн санд хэрэглэгчээр бүртгүүлэх маягтыг бөглөх.
11.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэгчийг хэрэглэгчээр бүртгэж, мэдээллийн санд хандах эрх олгоно.
11.3.Үйлдвэрлэл эрхлэгч мэдээллийн санд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагаас сонгож, органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлт, холбогдох бусад мэдээллийг тухайн баталгаажуулалтын байгууллагад илгээнэ.
11.4.Баталгаажуулалтын байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.4.1.үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийж, хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээг байгуулж, хэрэгжилтийг хангуулах;
11.4.2.шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэгчид шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд баталгаажуулалтын гэрчилгээ олгож, холбогдох баримт бичгийн хамт мэдээллийн санд илгээх.
11.5.Мэдээллийн сангаас шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн бүртгэгдсэн тухай мэдэгдэл ирснээр үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг хэрэглэх эрх үүснэ.
11.6.Энэ хуулийн 11.4.2-т заасан баталгаажуулалтын гэрчилгээний загварыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.7.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь органик үйлдвэрлэлийн талаарх олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийлгэсэн бол органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг хэрэглэж болно.