13 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний шошго
13.1.Энэ хуульд заасны дагуу баталгаажуулж, бүртгүүлсэн бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг тавина.
13.2.Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна.
13.3.Энэ хуулийн 13.8-д заасан аргачлалын дагуу бүтээгдэхүүний органик орц, найрлагыг тооцож шошгод тусгана.
13.4.Органик бүтээгдэхүүнийг сав баглаа боодолгүй бөөнөөр нь худалдаалах тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг нийтэд ил харагдахуйц газар байршуулна.
13.5.Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг хэрэглэхэд дараах үйлдлийг хориглоно:
13.5.1.органик бус бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэгтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.2.шилжилтийн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шошгод ногоон өнгийн дэвсгэртэй гэрчлэх тэмдэг хэрэглэн нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах.
13.6.Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", "эко", "ногоон", "экологийн гаралтай", "экологийн цэвэр", "экологийн", "био", "биологийн", "биологийн гаралтай", "биологийн цэвэр" гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
13.7.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.
13.8.Органик бүтээгдэхүүний орц, найрлага тооцох аргачлалыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛАЛ