4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."органик үйлдвэрлэл" гэж шилжилтийн үеийн болон органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд нөөцийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад чиглэсэн уламжлалт арга барил, биологи ба механик арга, технологийг хослуулан эрхлэхийг;

4.1.2."органик бүтээгдэхүүн" гэж зохиомол аргаар нийлэгжүүлсэн нэмэлт бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй, энэ хуулийн 4.1.1-д заасан үйлдвэрлэлийн үр дүнг;

4.1.3."органик үйлдвэрлэл эрхлэгч" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;

4.1.4."органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг" гэж эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн органик болон шилжилтийн үеийн түүхий эд, бүтээгдэхүүнийг гэрчилж, шошгод байршуулсан тэмдгийг;

4.1.5."урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэж органик бүтээгдэхүүн нь органик бус бүтээгдэхүүнтэй холилдох, энэ хуулийн 7.4-т заасан органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын жагсаалтад зааснаас өөр бодисоор бохирдох эрсдэлээс зайлсхийхийг;

4.1.6."хамтын баталгаажуулалт" гэж үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хэрэглэгчийн идэвхтэй оролцоо, харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогчид хамтран баталгаажуулахыг;

4.1.7."хувиргасан амьд организм" гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-т заасныг;

4.1.8."шилжилтийн үе" гэж үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэл хугацааг;

4.1.9."шошго" гэж органик бүтээгдэхүүний оноосон болон худалдааны нэр, органик үйлдвэрлэлийн талаар бичсэн, хэвлэсэн, зурсан, товойлгосон, сийлсэн аливаа үг, бичиглэл, мэдэгдэл, тэмдэг, дардас, зураг, тухайн бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичиг, хуудас, зүүлт, хавчуурга, бөгж, хүзүүвчийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.