5 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлд баримтлах зарчим
5.1.Органик үйлдвэрлэлд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын одоо ба ирээдүйд эрүүл, аюулгүй оршин тогтнох, тэдгээрийн дархлаа, дасан зохицох чадварыг дэмжих, нөхөн сэргээх;
5.1.2.экосистемийн тэнцвэрийг хадгалах, биологийн олон янз байдлыг дэмжих, уламжлалт соёл, ёс заншлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нөөцийн тогтвортой байдлыг хангах;
5.1.3.зах зээлийн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн бүх үе шатанд шударга, энэрэнгүй ёсыг баримтлах, гадаад орцын хэрэглээг хязгаарлах, мэдлэгээ хуваалцах;
5.1.4.бүтээгдэхүүний органик болон байгалийн шинж байдлыг хадгалах, нөөцийг зүй зохистой ашиглахад чиглэсэн арга технологиор үйлдвэрлэл эрхлэх;
5.1.5.уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны ололттой хослуулан органик үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэхдээ урьдчилсан үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, ил тод, нээлттэй шийдвэр гаргах;
5.1.6.шилжилтийн үеийн болон органик үйлдвэрлэлийг сайн дурын үндсэн дээр эрхлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛС