6 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага

6.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангана:

6.1.1.энэ хуульд заасан шаардлага, журмыг баримталж органик үйлдвэрлэлд шилжих;

6.1.2.органик үйлдвэрлэлд шилжихдээ энэ хуулийн 7.4-т зааснаас бусад бодисыг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэхийг зогсоох;

6.1.3.усны бохирдлоос сэргийлэх, цас, борооны усыг ашиглах, хаягдал багатай, эсхүл хаягдалгүй усны технологи ашиглах;

6.1.4.биотехникийн болон биологийн олон янз байдлын чанарыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

6.1.5.өөрийн болон хөрш зэргэлдээ, нийтийн эзэмшлийн газрын байгаль орчин, эд зүйлсийг хамгаалах.

6.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч органик үйлдвэрлэлд шилжихдээ холбогдох хууль тогтоомжид заасан хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

6.3.Хуулиар хориглоогүй бол улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсэд органик үйлдвэрлэл эрхэлнэ.

6.4.Орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.