7 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг
7.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:
7.1.1.энэ хуулийн 9.1-д заасан эрх бүхий байгууллагаар баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/-д бүртгэлтэй шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний шошгод энэ хуулийн 13.2-т заасан гэрчлэх тэмдэг хэрэглэх;
7.1.2.энэ хуульд заасны дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;
7.1.3.нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах;
7.1.4.органик үйлдвэрлэл эрхлэхэд үндэсний, эсхүл олон улсын стандартыг хэрэглэх;
7.1.5.баталгаажуулалтын байгууллагыг сонгох;
7.1.6.хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүнээр элсэх хүсэлт гаргах.
7.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
7.2.1.баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
7.2.2.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
7.2.3.урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх;
7.2.4.мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга, технологи боловсруулж мөрдөх;
7.2.5.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах;
7.2.6.органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 10 өдөрт багтаан баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.2.7.энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээнд тусгасан хугацаанд давтан баталгаажуулалтад хамрагдах;
7.2.8.энэ хуульд өөрөөр заагаагүй бол баталгаажуулалтын зардлыг хариуцах;
7.2.9.ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүж ашиглахдаа Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх;
7.2.10.сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хуулийн 7.4-т заасан жагсаалтад орсноос бусад бодисыг хэрэглээгүй,авто зам болон бохирдлын эх үүсвэр, эсхүл органик бус аж ахуйгаас 1 км-ээс багагүй зайтай талбайгаас ойн дагалт баялаг болон байгалийн ургамлыг түүх;
7.2.11.энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэхээс өмнө баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.2.12.ойн дагалт баялаг болон байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөх.
7.3.Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан энэ хуулийн 7.2.10-т заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно.
7.4.Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавигдах шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.