15 дугаар зүйл. Кейс менежментийн үе шат
15.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг кейс менежментийн дараах үе шатны хүрээнд үзүүлнэ:
15.1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, харилцаа холбоо тогтоох;
15.1.2.хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх;
15.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөө гаргах;
15.1.4.хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах;
15.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээний явц, үр дүнг хянах, үнэлэх;
15.1.6.хүүхэд хамгааллын кейсийг хаах.
15.2.Урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэхэд энэ хуулийн 15.1-д заасан кейс менежментийн үе шат хамаарахгүй.
15.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол орчуулагч, хэлмэрч заавал оролцуулна.
15.4.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын кейсийг нээхээс хаах хүртэлх хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээнд гарсан шийдвэр, үйл ажиллагааг холбогдох стандарт, маягт, зааврын дагуу заасан хугацаанд баримтжуулж, биет болон цахим хэлбэрээр хадгалж, мэдээллийн санд оруулна.
15.5.Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдийн тухайн оршин байгаа газрын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага үзүүлнэ. Хүүхэд хамгааллын кейсийг шийдвэрлэх явцад хүүхдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн тохиолдолд хүүхэд хамгааллын кейсийг харьяаллын дагуу хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага руу шилжүүлнэ.
15.6.Шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхээр бүртгэсэн хүүхэд бүрийг хүүхэд хамгааллын нэг кейс гэж үзэх бөгөөд кейс тус бүр бүртгэл, дугаартай байна.
15.7.Энэ дэд бүлгээр зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан нийгмийн ажлын үйлчилгээний стандартаар зохицуулна.