16 дугаар зүйл. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх
16.1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, сум, баг, хорооны Засаг дарга санал, санаачилга гаргах, хүүхэд болон хүн, хуулийн этгээдээс гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг боломжит бүх аргыг ашиглана.
16.2.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн хүн, хуулийн этгээд энэ талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, сум, баг, хорооны Засаг дарга, хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
16.3.Ажил, мэргэжлийн болон сайн дурын үйл ажиллагааны явцад хүүхэдтэй шууд харилцаж байгаа хүн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэ нь түүний ёс зүйн дүрэм, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээс давуу үйлчилнэ.
16.4.Энэ зүйлд заасан мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулна.