18 дугаар зүйл. Нөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Нөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах

18.1.Хүүхдэд тохирох хүүхэд хамгааллын үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ шаардлагатай тохиолдолд хамтарсан баг, эсхүл холбогдох мэргэжилтний туслалцааг авч болно.

18.2.Нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, зан авир, танин мэдэхүй, нийгэмшихүй, боловсролын байдал, гэр бүл, сургалтын орчин, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэд өсгөх ур чадвар, тэдний хоорондын харилцаа зэрэг нөхцөл байдлыг нягтлан судална.

18.3.Нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нь тогтоогдсон бол хүүхэд, түүний гэр бүлийн орчин, нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөө гаргана.

18.4.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд хэрэгжүүлэх хугацаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа, тэдгээрийн ажил, үүргийн хуваарилалт, харилцан мэдээлэл солилцох журам, алслагдмал газар, засаг захиргааны нэгжид оршин суудаг хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэх зэрэг асуудлыг тусгана.

18.5.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг хамтарсан багийн ахлагч болон төлөвлөгөөг боловсруулсан этгээд баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

18.6.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулахад хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, долоон нас хүрсэн хүүхдийн саналыг авна.

18.7.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг харьяа хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ.

18.8.Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

18.9.Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын дагуу урамшуулал олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.