22 дугаар зүйл. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал

22.1.Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална.

22.2.Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.

22.3.Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

22.4.Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.

22.5.Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хориглоно.

22.6.Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.

22.7.Эцэг, эх энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хүсэлт гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээнд оролцох, хамтран ажиллах эрхтэй.

22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.

22.9.Энэ зүйл хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэгэн адил үйлчилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.