23 дугаар зүйл. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
23.1.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
23.2.1.хүүхдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй сургалт, үйл ажиллагаанд оролцуулахгүй байх;
23.2.2.хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах;
23.2.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах;
23.2.4.гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах;
23.2.5.хүүхдийг хорт зуршил, согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах;
23.2.6.багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх;
23.2.7.хичээлийн жилийн турш хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
23.2.8.сургалтын байгууллагын барилга байгууламжид зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу хяналтын камер байршуулах, сургуулийн орчны замын хөдөлгөөнд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлэх;
23.2.9.сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гарган эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;
23.2.10.хүүхэд хоорондын болон хүүхэд, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хоорондын харилцаанаас үүссэн зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
23.2.11.хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа этгээдэд мэдээлэх, задруулахгүй байх;
23.2.12.хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэн даруй мэдэгдэх;
23.2.13.хүүхэд эрсдэлт нөхцөлд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд мэдэгдэх.
23.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан сургуулийн орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
23.4.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв энэ хуулийн 23.3-т заасан мэдээллийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна:
23.4.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
23.4.2.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
23.4.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх;
23.4.4.хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нэн даруй хамруулах;
23.4.5.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх:
23.4.5.а.суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах;
23.4.5.б.сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах.
23.5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.5.1.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;
23.5.2.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх;
23.5.3.боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн сургалтын хөтөлбөрт эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулга туссан эсэхэд хяналт тавих.
23.6.Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дотуур байранд байрлаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран хяналт тавина.
23.7.Гадаад улсад шашны байгууллага /сургууль/-д суралцаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавина.
23.8.Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
23.9.Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
23.10.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам Боловсролын ерөнхий хуулийн 17.2-т заасан байгууллага хийнэ.
23.11.Боловсролын ерөнхий хуулийн 40.2.8-д заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийн байгууллага хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын төлөвлөгөөтэй байна.