25 дугаар зүйл. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
25.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургуулийн болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаална.
25.2.Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим тоглоом, хүүхдэд хортой агуулга, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлнэ.
25.3.Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно.
25.4.Хүн, хуулийн этгээд хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно.
25.5.Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүрэгтэй.
25.6.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг авна.
25.7.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч контент, бүтээлийг олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг байршуулна.
25.8.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдийг хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
25.9.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд заасан хориотой, хүүхдэд хортой агуулгыг өөрийн үйлчилгээнд хязгаарлах, хаах үүрэгтэй.
25.10.Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлнэ.
25.11.Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
25.12.Хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.
25.13.Энэ хуулийн 25.12-т заасан орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
Тайлбар:Энэ зүйлд заасан "цахим орчны үйлчилгээ эрхлэгч" гэж цахим хуудас, цахим хэрэглүүр /аппликэйшн/, платформ, цахим орчин ашиглаж контент, бүтээлийг олон нийтэд хүргэх үйлчилгээ үзүүлэгч этгээдийг ойлгоно.
Энэ зүйлд заасан "цахимаар урхидах" гэж хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд уруу татах зорилгоор цахим сүлжээ ашиглан хүүхэдтэй харилцаа тогтоохыг ойлгоно.
Энэ зүйлд заасан "цахимаар дээрэлхэх" гэж цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, гадуурхсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг өөрт нь болон бусдад түгээхийг ойлгоно.
Энэ зүйлд заасан "цахимаар дарамтлах" гэж хүний хувийн болон эмзэг мэдээллийг ашиглан цахим орчинд хүүхдэд түгшүүр төрүүлэх, шахалт үзүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.