34 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
34.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
34.1.1.хүүхэд хамгааллын талаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө жил бүр хариуцан тайлагнах;
34.1.2.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;
34.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
34.1.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, хүүхэд харагч, өдөр өнжүүлэх төв, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
34.1.5.хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэргийн санг хөгжүүлэх, ашиглах;
34.1.6.хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хөгжүүлэх;
34.1.7.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үнэлэх, дүгнэх;
34.1.8.хүүхэд хамгааллын тогтолцоонд оролцогч талуудын салбар дундын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах, уялдааг хангах;
34.1.9.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох байгууллага, их, дээд сургуультай хамтран зохион байгуулах;
34.1.10.хуулийн этгээд, төрийн байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч, ажилтныг хүүхэд хамгааллын чиглэлээр сургаж, мэргэшүүлэх талаар тухайн байгууллагатай хамтран ажиллах;
34.1.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах талаар хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хууль сахиулах байгууллагын алба хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
34.1.12.хуулийн этгээд хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
34.1.13.хүүхэд хамгааллын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах;
34.1.14.хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээд, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;
34.1.15.барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсхүл хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөллийг оруулах асуудлыг эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх;
34.1.16.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх хөтөлбөр, журмыг батлах;
34.1.17.хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан сургалтын хөтөлбөр, журмыг батлах;
34.1.18.хуульд заасан бусад чиг үүрэг.