35 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын чиг үүрэг

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын чиг үүрэг

35.1.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

35.1.1.хүүхэд хамгааллын талаарх судалгаа, тайланд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг эрэмбэлэн тодорхойлох;

35.1.2.хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

35.1.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тандалт судалгаа явуулах, бүртгэх ажлыг орон нутгийн цагдаагийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;

35.1.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо болон хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх дундын мэдээллийн санд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх;

35.1.5.хамтарсан багт дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын үйлчилгээний тодорхой чиглэл буюу нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, бага насны болон хохирогч хүүхэдтэй ажиллах зэрэг мэргэшсэн дэмжих багийг байгуулах;

35.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар нэгдсэн бүртгэл, судалгаа хөтөлж, хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санд оруулах;

35.1.7.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэх талаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

35.1.8.магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллах;

35.1.9.гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах талаар шаардлагатай зөвлөгөө, сургалт, тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

35.1.10.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг сайн дурын болон хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан сургалтад хамруулах ажлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах;

35.1.11.төрийн байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

35.1.12.хуульд заасан бусад чиг үүрэг.

35.2.Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагыг чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэгээр хангаж ажиллана.

35.3.Аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

35.4.Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

35.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын дарга Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад 4-өөс доошгүй жил, үүнээс хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.